Улаанбаатараас 50км зайд орших Сонгино хэмээх газар мод тарих ажил маань амжилттай болж өнгөрлөө. Нийт 50 хүн оролцож, 1000 мод (үүнд, хайлаас 200, улиас 800) суулгаж, усалгаа хийлээ. Мөн 400 модны нүх ухаж бэлтгэлээ. Нэг өдрийн дотор гэхэд чамлахааргүй ажил амжуулсан гэж өөрсдийгөө магтмаар байна. Оролцсон бүх хүмүүсдээ баярлалаа! Хоол ундны материал цуглуулсан Саруул, Эба хоёртоо, амттай кимбаб хийсэн Баяраа, Саруул, Мөнгөө гуравтаа, бүртгэл хийсэн Мөнгөөдөө, мод тарих ажлын турш зураг авсан Чингүүндээ, болон бусад нэр нь үл дурьдагдах, сэтгэл гарган тусласан бүх хүмүүсд баярлалаа. Мөн хоол ундаар хангасан, автобусаар үйлчилсэн, оролцсон хүн бүрийн зардлыг даасан гээд олон талаар дэмжлэг үзүүлсэн хандивлагч нарт талархъя.
Хамгийн гол нь оролцсон бүх хүмүүс байгаль эхдээ туслаж буйдаа баярлаж, өөрсдийнхөө хариуцлагыг мэдэрч, нэгэн өдрийг буянтай ажилд зориуллаа.
“Ногоон Ази” ТББ маань Сонгинод ойн зурвас байгуулж буй нь бас учиртай юм байна. Мод тарьж буй газраас зүүнчээ, хойшоо гээд эргэн тойронд нь барилгын элс, хайрганы бэлтгэл хийдэг газрууд байдаг бөгөөд тэдгээрээс гарч буй шороо салхи шуурганд туугдан, тэнгэр харанхуйлан Улаанбаатар хотын зүг аюул болон нүүдэг байна. УБ-ын барилгын ажил зогсонги байгаа тулдаа өнөөдөр “тэнгэр цэлмэг” байж таарсан юм. Харин энэхүү аюулт түйрэнг сааруулах, болвол бүрэн зогсоохын тулд энэхүү ойн зурвасыг байгуулж байгаа юм байна. Хайлаас, улиасыг суулгаж буй байрлал нь ч гэсэн шуургыг сарниулахад зориулагдсан юм билээ.
Бид очоод тал нь мод суулгах, услах хэсэг, нөгөө тал нь модны нүх ухах хэсэг болж хуваагдан ажилласан юм. 400-аад модны нүх бэлэн болсны дараа бүгд нийлж үлдсэн модоо суулгаж дуусгалаа. Нилээн салхи, шороотой өдөр, бас хүндхэн ажил хийж ядарч байсан ч бүгд л сэтгэл дотроо баяртай байсныг тэнд байсан хэн ч хэлнэ.
Мод тарихад оролцсон хүмүүсийг хамтралаар нь давхардуулан бүлэглэж нэрлэвэл:
- “МинийКлуб”
- “Цахим Өртөө”
- “БизНетворк”-ийн “Мод тарьцгаая” бүлгийнхэн
- “Улаанбаатар дээд сургууль”
Өнөөдөр мод тарьсан бүх хүмүүсийн зардлыг даасан хандивлагч байгууллагууд, хувь хүмүүсээ дурьдахгүй өнгөрч болшгүй:
- “Ногоон Ази” ТББ
- “Цахим Өртөө” холбоо
- “Кореа Хаус” ресторан
- “Мэжико” Солонгосд сургууль төгсөгчдийн холбоо
- “Тэнгри” групп
Дашрамд хэлэхэд, биднээс гадна Зэвсэгт хүчний … дугаар ангийнхан, Америкийн элчин сайдын яамныхан, өөр нэрийг нь санахгүй байгаа олон байгууллагаас ирж 5 сарын 16 хүртэл мод тарих юм билээ.
Миний хувьд хичээл, ажил гээд эгэл амьдралын явдлыг ор тас мартсан сайхан өдөр байлаа. Ийм ажил хийсний дараа юу ч хийхээс зүрхшээхгүй болдог юм байна. Бусдад маань ч гэсэн адилхан мэдрэмж төрсөн байх аа.

Газар ухна гэдэг хүнд ажил. Баахан цэврүүтсэн гартангууд харьсан байх.

Бүгд зогсоо зайгүй ажиллав (түр завсарлаж хоол идэхээс бусад үед :P )

Худгаас татсан усаа түр зуурын усан санд хуримтлуулж усалгаанд хэрэглэдэг.

Анх суулгаж буй модонд 60 гаруй литр ус зориулах ёстой ч удахгүй бороо орно гэсэн найдлагаар зөвхөн хоёр хувин усаар л услав.

Мод таригчдын хамгийн бага нь болох Ариунболор 5 настай.
Ингээд 5 сарын 8-10-нд Булган аймгийн Баяннуур суманд илүү олон мод тарихаар эргэн уулзахыг ерөөе !!! Бүртгүүлэх буюу лавлах хүсэлтэй хүмүүс dolugen@gmail.com хаягаар захиа бичээрэй !

[...] мод, мод 2009 May 3 tags: мод тарих by dolugen Сонгинод 1000 мод тарилаа. Минийклубынхантайгаа, Ногоон Азийнхантай, [...]