“Бороо ороосой” гэж тэд хүсдэг

“Нэг модны ард олон хүний хөдөлмөр бий. Хүмүүс модыг зөвхөн тарьдаг л гэж ойлгодог. Гэтэл арчилна, усална гэдэг түүнээс дутахгүй их ажил. Сая мод тарихад үүл хуримтлагдаж бороо аяндаа ордог гэсэн. Бороо ороосой гэж бид чин сэтгэлээсээ хүсдэг. Ер нь бороо оруулах гэж үүл буудах шаардлагагүй, зүгээр л айл бүр хашаандаа ганцхан ширхэг мод тарьчихад л болно шүү дээ” гэж ярих залуус 20-иодхон настай. Гэвч тэдний унаган байгалиа хайрлая, хамгаалъя гэсэн сэтгэл багадахгүй. “My club”-ын Б.Дөлгөөн, Н.Энхбат, Г.Ууганбат, Ж.Зандаргийраа, О.Энхмандах, Б.Төгөлдөр, Г.Дэлгэрцэцэг, Б.Сувд-Эрдэнэ, Ю.Болдбаатар нарын эдгээр залуус бусдыг уриалж, багшийнхаа удирдлага дор дөрвөн жилийн хугацаанд 45000 ширхэг мод ургуулжээ. Хөлс мөнгөгүй, хоолтой хоолгүй явж ургуулсан тэр олон мянган модны хувь заяанд одоо ч санаа тавих. Оюутан голдуу залууст уг нь автобусны мөнгө ч илүүдэхгүй. Тарьсан модоо хэр ургаж вэ гэдгийг харах гэж яардаг эдгээр залуус цөлжилтийг сааруулахад бага ч болов хувь нэмэр оруулдагтаа харин юунаас ч илүү баяртай явдаг нь мэдрэгдсэн. Тэд залуу насаараа гоёж, олуулаа бужигнаж, инээж хөгжилдөх нь сайхан.

“Ногоон Ази” төрийн бус байгууллага юм хийж бүтээх чин эрмэлзэлтэй тэдэнд тусалж, модны үрсэлгээгээр хангадаг байна. Нийслэлийн ойр орчимд төдийгүй Булган, Дорноговь, Сэлэнгэ, Төв аймагт тэдний сэтгэлээ шингээн суулгасан зулзаган модод өдөр бүр наран зүг тэмүүлэн амьсаж буй. Тэд улиас, хайлаас, бургас гэх мэт түргэн ургадаг модны 1-3 настай суулгац түлхүү тарьжээ. Мөн өнгөрсөн зун Тужийн нарсны нөхөн сэргээлтэд оролцсон тухайгаа сонирхуулж байсан.

Ерөнхийлөгчийн зарлигаар жилд хоёр өдрийг Бүх нийтээр мод тарих өдөр болгоход тэдний багш Д.Сэрдарамын хичээл зүтгэл их байжээ. “Манай багш Ерөнхийлөгчид мод тарих саналыг анх уламжилж байсан хүн. Д.Сэрдарам багш маань л биднийг мод тарьж, байгалиа сэргээн тордоход “уруу татсан” юм. Багшдаа маш их баярладаг” гэж залуус ам уралдан хэлж байсан. Багшийнхаа санаачилгаар тэд “My club”-ыг 2006 оны сүүлчээр байгуулжээ. Эхний үед мод тарих зардал мөнгө олдохгүй сандарч, багш нь сарын цалингаа хүртэл өгөөд явуулж байсныг одоо тэд бахархан ярьж байна.

“My club”-ынхантай нэг л удаа мод тарьсан бол элдэв хураамж төлөхгүйгээр Та энэ клубын гишүүн боллоо гэсэн үг. Тэдний http://miniiclub.com гэсэн цахим хуудсанд 450 гаруй хүн бүртгэлтэй. Төдий тооны байнгын гишүүн байдаг гэсэн үг. Клубын залуус давхардсан тоогоор 1000 гаруй хүнийг уриалан мод тарьжээ. Клубын зохион байгуулалт өвөрмөц. ШУТИС-д төвлөрч хавар, намар шинэ гишүүн элсүүлдэг. Оюутнууд, ялангуяа, нэгдүгээр курсынхан мод тарих эл буянтай ажилд идэвхийлэн оролцдог гэсэн. “My club”-ын эгнээнд гурван настай хүүгээс 70 настай буурал ч бий.

Энэ клубт одоо ШУТИС, МУБИС, Хүмүүнлэг, Улаанбаатар их сургууль гээд олон сургуулийн оюутнууд нэгджээ. Олонхи нь анх интернэтээр танилцаж, холбогдож байсан гэнэ. Ялангуяа, харилцааны бичил сайтууд, тэр дундаа facebook, twitter, myspace зэрэг голдуу хүүхэд, залуус хэрэглэдэг сайтууд тэдний бараг л албан контор нь гэсэн. Мод тарих, услах өдрөө эдгээр сайтаар зарлахад л маш олон хүн ханддаг гэнэ. Сэдэл өгч, санаачилгыг нь дэмжээд, уриалан дуудвал мод тарих сонирхолтой, байгалиа гэсэн сэтгэлтэй олон хүн байгаа нь үүнээс харагдана. Сонирхогчид мэдээж, сайн дураараа явна. Мод тарилаа гээд цалин авахгүй ч тэд байгаль дэлхийдээ бэлэг барилаа хэмээн сэтгэл хангалуун үлддэг.

“Цахим өртөө” ТББ, “Тэнгри групп”, “Касс Таун”, “Ногоон Ази” ТББ зэрэг төрийн бус байгууллага, хувь хүмүүс тэднийг дэмжиж, тусалдаг. Мөн гадаадад байгаа хүмүүс хүртэл хандив явуулдаг аж. Гэлээ ч модны үрсэлгээ худалдаж авах, ажиллах үеийн хоол ундны зардал, тээврийн хөлс гээд багагүй хөрөнгө хэрэгтэй. “My club”- ын залуус энэ жил ивээн тэтгэгч хайжээ. Яг л өөрсөд шигээ дэврүүн санаж, хэн ч байсан биднийг дэмжинэ дээ гэж бат итгэж байж. Гэвч хэд хэдэн томоохон байгууллагаар ороод урам хугарсан тухайгаа ярьж байсан. Тэд хөлс мөнгө нэхээгүй, эх нутаг, байгалиа гэсэн үйлсийг нь бага ч атугай санхүүжүүлээч гэж хүсчээ. Харин “Манайхыг сурталчлахгүй л бол ямар ч аргагүй” гэсэн хариу олон сонссон гэнэ. “Уг нь хэн ч байсан гадаах орчиндоо мод тариулж болно. Бидэнд туршлага, мэдлэг байна. Бидний энэ их хүчийг ашиглаасай гэж хүсдэг” гэж “My club”-ын залуус хэлж байсан. Тиймдээ ч тэд саяхнаас клубээ төрийн бус байгууллага болгон өргөжүүлж, үйл ажиллагаагаа бүр ч олон нийтийн болгоход алхам ойртжээ.

Тэдэнд сэтгүүлийнхээ нэрийн өмнөөс амжилт хүсч, эх дэлхийгээ гэсэн энэ үеийнхнийгээ түүчээлээрэй гэж ерөөе.

” Ногоон эрэл” сэтгүүлийн 002/02 дугаараас

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Сайтын мэдээ. Bookmark the permalink.

7 Responses to “Бороо ороосой” гэж тэд хүсдэг

  1. Энхмандах Манди says:

    Сэтгүүл дээр хэд хэдэн алдаатай бичсэн байсныг янзлан сийрүүлж бичсэн болно…

  2. зочин says:

    та бүхэний ажил их сайхан ажил байна. би та бүхэнтэй бие сэтгэлээрээ үргэлж хамт байх болно. энэ их үйлсэд чинь өндрөөс өндөр амжилт хүсье

    хэрэв боломжтой бол та бүхэн надад мод тарих аргачлал болон өртөг энэ тэрийг нь бичээд явуулаач тэгэх үү. би ч бас эмээ өвөөгийнхөө хашаанд мод тария гэсэн чинь эрмэлзэлтэй боллоо.

  3. enerel says:

    bi ene jil mod tarih ymaa mod urjuulgiin gazartai boloh sanaatai

  4. enerel says:

    ta nariin ajil uils ih saihan ymaa ta bugdtei hamtran ajillah sonirholtoi bn

  5. enerel says:

    mod tarih tosol heregtei bna
    praktikt tulguurlasan tuuniihee daguu ajillah tosol heregtei bnaa zaluusaa

Leave a Reply to Welcome Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>