“Миний Клуб” -ыг байгуулах учир нь…

Энд анх миний клуб байгуулагдаж байхад Сэрдарам багшийн бичиж байсан нийтлэлийг орууллаа… Миний Клуб яагаад байгуулагдах болсон тухай энэхүү нийтлэлийг уншаад та бүхэн ойлгох байх.

“Өнөөдөр ирээдүйн улс оронд маань нэн чухал хэрэгтэй, чадалтай, боловсролтой залуус ШУТИС-д сурч байна. Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг эдгээр залуус гар гараа нийлүүлж, харилцан бие биеэ урамшуулж, хийж бүтээх хүслээ бадрааж чадваас асар их хүч, бололцоо эндээс ундарч гарах нь дамжиггүй. Гэтэл бодит байдал дээр хоорондоо тийнхүү холбогдох боловсронгуй аргыг нээн олж чадахгүй байгаагаас нуугдан буй асар их боломжийг алдсаар байгаа, мөн бие биенээ ч олигтой танилгүй, өөрөө өөрийгөө ч олигтой нээлгүйгээр дипломтой оюутан болж төгсдөг юм. Төгссөн залуусын маань дунд өөрийнхөө потенциалыг нээж гаргах газраа олж ядан, нийгэм дэх ухамсрын ядуурлаас үүдэх эсэргүүцэлтэй тулгаран зориг мохож яваа, эсвэл нэг л мэдэхэд тэр байдал руу татагдан орчихдог хүн ч цөөнгүй. Оргилуун хүсэл эрмэлзэл, хамгийн ардчилсан гэгддэг оюутан ахуй үедээ олж авч өөриймшүүлсэн зан суртахуунаа гээж, шинэ дэвшилтэт зүйлийг хийж түгээх бус, өөрөө эргээд Монголын нийгэмд хааяагүй байгаа хавтгайрсан хуучин зуршил, тогтолцоонд уусч зэвэрдэг жишээ олон.Yүнээс салахын тулд бид санаа сэтгэл нэгт нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, бие биеэ түшиж дэмжих бат хүрээллийг үүсгэх шаардлагатай. Бид бүхэн эрдэм шинжилгээ, төрийн алба, улс төр, хувийн бизнес гээд ямар ч салбарт ажиллаж болно, урдаа тавих зорилгууд маань ч олон янз байж болно. Харин тэр цагт сэтгэлээр тэжээж, бодитой үйлээр дэмждэг хамт олонтой байвал өөрийн итгэл үнэмшил, тавьсан зорилгынхоо төлөө зогсолтгүй урагш тэмүүлж явах хүч болох юм. Эдийн засаг, хууль, инженер технологи гээд бидний мэргэжлийн салбар янз бүр, харин бидэнд нийтлэг эрмэлзэх зүйл болох “зөв сэтгэл”, улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн ижил хүсэл тэмүүлэл бий. Бид өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсдэг. Бид Монгол орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг хүсдэг! Ганц нэг хүнд энэ амаргүй ч, нийтээрээ хөдөлвөл мөрөөдөл бодит амьдрал болж чадна.Тийм коммюнити, тийм нэгдлийг бий болгохоор МИНИЙ КЛУБ сүлжээний гишүүд ярилцаж, зөвхөн та нарын МИНИЙ КЛУБ-ийг байгуулахаар ярьж тохирлоо. Бие биеэ дэмждэг, хэлсэн үг авсан ажилдаа хариуцлагатай ханддаг, хүн бүр хувь нэмэрээ оруулдаг хамт олонг бүрдүүлснээр бид улам хүчтэй болж, ийм хамт олны нэг гишүүн байснаар бидний амьдрал илүү баталгаатай болно. Тийм байж чадах клубыг бид зорьж байна. Уинстон Черчилл нэгэнтээ “Байшинг эхлээд бид барих боловч байшин эргээд биднийг барьдаг (First we build our buildings, thereafter they build us)” гэж хэлсний адилаар клубыг бид байгуулах боловч, клуб эргээд биднийг боловсруулан хөгжүүлж өөртөө итгэлтэй, бие хүмүүс болж өөрчлөгдөхөд нөлөөлөх билээ. Ёс суртахуун, зөв сэтгэлийг эрхэмлэж, нийгэмд өөрийн хувь нэмэрээ оруулах хүслээрээ ижилссэн “шинэ монгол хүмүүс”: эрдэмтэд, бизнесмэнүүд, албан хаагчид, улс төрчид, эмч хуульчид, салбар салбарын мэргэжилтнүүд эндээс төрж гараасай гэж хүснэм. Итгэл даах чанар, шударга зан суртахуун манай клубын нэг гол зарчим болох бөгөөд нийгэмд дэвшилтэт ухамсар, үзэл сэтгэлгээг батжуулан түгээхийн тулд эхлээд түүнийг дэмжиж, өөр дээрээ тусгахыг эрмэлздэг хүмүүс нэгдэн нийлэх хэрэгтэй. Энэ зарчим бидний гол онцлог буюу “имиж” болж, түүгээр дамжуулан бид эргээд нийгмийн зүгээс итгэл хүлээх болно. Mөн энэ итгэлээр бид холбогдож, итгэлцэл нь бие биенээ найдвартай дэмжих хамт олны үндэс болж өгнө. Байгуулж буй клубынхээ хөгжил, хязгааргүй олдох боломж юугий нь уудлан гаргахаар бид ажиллацгаах болно. Шинэ санаа дэвшүүлэгч, хамгийн гол нь хэлсэндээ үнэнч ба ажил хэрэгжүүлэгч, зөв сэтгэлийг эрхэмлэгч залуусыг бид хүлээж байна!”

 

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Сайтын мэдээ. Bookmark the permalink.

One Response to “Миний Клуб” -ыг байгуулах учир нь…

  1. narmandakh says:

    bagshaa mongonii savaa dahiad hiigerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>