Recent Posts

Pages: [1] 2 3 ... 10
1
Лекц / Re: 2017 ОНЫ НАМРЫН УЛИРАЛ
« Last post by serdaram on 2017.08.30 19:18 »
1-р лекцийг эндээс татаж авна уу?
http://share.gogo.mn/EzNusj12AS15201504111575/Lekts-1%20BrandValueofMongolia.ppt

2-р Лекцийг эндээс татаж авна уу?
http://share.gogo.mn/aWr1aW8Cvu88031504703960/lekts-2a.rar


3-р Лекцийг эндээс татаж авна уу?
http://share.gogo.mn/CqC3R8NOYu45891505314388/Lekts-3%20urag%20torol.ppt

4-р Лекцийг эндээс татаж авна уу?
http://share.gogo.mn/S967ve5sHf60741505931287/4-r%20lekts.rar

5-р лекцийг эндээс татаж авна уу?
http://share.gogo.mn/jMgmTSTj1O37651506535029/ugiin-bichig1.ppt
2
Лекц / 2017 ОНЫ НАМРЫН УЛИРАЛ
« Last post by serdaram on 2017.08.30 19:18 »
Сайн байцгаана уу? Лекц та бүхэнд ямар санагдав. Монголын түүх боловч түүхээр дамжуулан өөрийн амьдарч буй нийгэм, орчныг төсөөлөх, багаараа хамтран ажиллах, өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэх энэ хичээлд тавтай морил гэж та нарыг чин сэтгэлээсээ урьж байна.
Миний хичээл бүхэн та нарт эргэлзээ төрүүлж, шинэ мэдээлэл авах шунал хүслийг бий болгож түүний төлөө ганцаараа бус багаараа хамтран ажиллах нөхцлийг байнга өгч байгаасай гэж хүсэж байна.
[/color][/size]
4
Лекц / Re: Gumilyev Tsetselsen shashdir
« Last post by serdaram on 2016.10.18 14:46 »
(“Цэцэлсэн шастир”)  Өөр өөр овогт багтаж байсан “урт дурын хүмүүс” нь өөрийн язгууртнуудын овгийнхоо тогоонд чанагдан, хувиа борлуулж довоо шарлуулж байдаг бэртэгчин ёсыг эвдэхийг зорьж, өвөр хоорондоо нэгдээд урьдын байдлаа хэвээр хадгалах гэсэн тэднийг нуга дарж ,түмэн олноо соронзон гүр мэт өөртөө татаж нэгтгэснээрээ мөхөж эхэлж байсан Монголыг аварснаар барахгүй дэлхийн талыг эзлэхийн эхийг тавьжээ. “Урт дурын хүмүүс” буюу оргилуун хүмүүсийг Гумилев “хүчил төрөгч” гэж нэрлэсэн нь тийм учиртай.

Монголчууд харгис хэрцгийдээ буюу бусад ард түмнийг боолчлох гэсэндээ дэлхийн талыг эзэлсэн үү? Гумилев “үгүй” гэж нуталжээ. Дайсан өөрөөс нь аль болох хол байх ёстой гэж монголчууд үзэж байлаа. Иймээс дайсныг хилээсээ аль болох холдуулах ёстой. Монголчууд өөрийн ясны дайсан мэргэдийг хөөсөөр Алтай давуултал Иргиз нутагт мэргэдийг зочин мэт тосч авсан половчууд монголчуудыг тосон байлдаад дийлдэхдээ өөрийн холбоотон Оросруу ухарч, Орос Половчуудыг өмөөрсөн юм. Гэвч “Монголчууд Оросуудыг  хөндсөнгүй, тэдэнтэй зууралдахыг хүссэнгүй” (“Хар домог”). Зүрчид хятад хоёр монголчуудын цусан өшөөт дайсан.  XI, XII зуунд зүрчид монголын зоригт удирдагчдыг хятадад аваачин гадсанд шорлож, араатнаар бариулж залуусыг нь хятадын боолын зах дээр худалдаж, эмс охидыг нь язгууртны шивэгчин татвар эм болгож байсан болохоор Чингис Зүрчид, Хятад хоёртой байлдаж, тэднийг аюулгүй болгох нь зүйн хэрэг байсан. Иймээс Чингисийн аян дайн бол Монголоо, монголчуудаа аврах ариун дайн байжээ. Цөөн монгол өөрөөсөө хавьгүй хүчтэй, хавьгүй олон дайсныг ялан дийлээд байсны учрыг ааг хүч оргилох үйл явцаар Гумилев чингэж тайлсан билээ. Дараа нь чухамхүү жижиг хаадын өвөр хоорондын олон жилийн дайн тулаан тэдний бие биеэ хөнөөж дайсагнаснаас оргиллын туйлыг үзэж болно. Эдний хядалдаан баахан намжсаны дараа Монголд соёлын сэргэн мандлын үе эхэлж өдгөө дэлхийг шагшуулж байгаа Занабазарын бүтээл гарч “Ганжуур”, “Данжуур” гэсэн их хөлгөн судрыг монгол хэлээрээ орчуулж монгол бичгээрээ барлан хэвлэж байсан нь ч Гумилевын онолыг батлаж байна.

Угсаатан бүрэлдэх хэвийн явцыг өөр овгийн түрэмгийлэл тасалчихгүй бол угсаатан оргиллын түлхэцээс аваад бүрэн мөхтлөө 1500 орчим жил насладаг гэж Гумилев тооцоолоод (“Урусээс Орос хүртэл”) “Өдгөө Монгол угсаатан “алтан намар”-ынхаа тогтонги шатанд, хүннү нарыг дайрсан шиг гаднын гай тотгор дайрч л монголын хөгжлийг тасалдуулахгүй бол соёл иргэншил нь барагцаагаар 300-400 жил цэцэглэн хөгжихөөр байна” (“Евроазийн түүхээс”) гэсэн юм. Гумилев ёрлолоо гэж дургүйцэх нь бий. “Угсаатан үүсч, мөхөх зүй тогтлыг юу ч өөрчилж чадахгүй” (“Түүхэн үе дэх угсаатны газар зүй”) гэхэд нээрээ сэтгэлээр унамаар ч “угсаатан алга боловч хүмүүс үхдэггүй шинэ угсаатны бүрэлдэхүүнд ордог. Бидний дотор скиф, хүннү, шумерийн үр сад явж л байгаа хоёр мянган жилийн тэртээ гэхэд англи, дани байхгүй болох боловч огт танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн тэдний үр сад нь байж байх болно” гэснийг уншихад жамтай юм жамаараа болохоос яах вэ гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрнө. (“Евроазийн түүхээс”).

Бидний хойч үе гэж бий билээ. Тэд маань угсаатныхаа насыг гүйцэд л наслах ёстой. Гумилев бичихдээ хар салхи тавих, газар хөдлөх, уулын нураг буух зэрэг залж жолоодох аргагүй олон үзэгдэл бий. Эдгээрийн гамшигаас бүрэн урьдчилан сэрэмжилж болохгүй хамгаалж болдог. Ийм учраас цаг уур судлал, газар хөдлөхийг судлах ухаан, геологи, ус судлал гэж байдаг билээ. Угсаатны судлал эдгээр ухаантай л адил юм. Энэ ухаан угсаатны хөгжих зүй тогтлыг өөрчилж чадахгүй ч юу үйлдэж байгаагаа мэдэхгүй хүмүүсийг сэрэмжлүүлж чадна” (“Түүхэн үе дэх угсаатны газар зүй ”) Учир иймийн тул үр сад маань наслах 300-400 жилдээ “эрчим хүчийн хуулиар нэг эрчим хүчнээс нөгөө эрчим хүчиндээ шилжихдээ” буюу шинэ угсаатан үүсгэхдээ монгол нэрээ хадгалан цааш хөгжихөд нь өнөө үеийнхний хариуцлага даан ч их гэдгийг бодоосой.

“Аль ч угсаатанд өвгө, чингэхдээ хэд хэдэн өвгө байдаг” (“Урусээс Орос хүртэл”). “Монголчуудын өвөг нь хүннү, сармат, сяньби” (“Хар домог”).  XX зууны сүүлч үеийн монголчууд ямар тэнэг байсан юм бэ, наснаасаа урьтаад амиа хорлочихсон юм билээ гэх юм уу гадаадын мангасын аманд толгойгоо өөрснөө шургуулчихсан байх юм гэж хойч үеийн шинэ угсаатандаа үгүй ядахад хэлүүлэхгүй байхсан даа.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд шоронгоос суллагдсаныхаа дараа ч Гумилев оргилолын онол, Чингист өгсөн үнэлгээгээрээ зөвлөлтийн түүх судлалын загварт баригдсан сэтгэлгээг зад татсанаараа коммунистуудын хар дансанд “хадаастай” байсан юм. “Угсаатны үүсэл, Дэлхийн шим мандал”, “Байгаагүй орны эрэлд” хоёр ном нь сэдвийн шинэ өгүүлэмжийн зоригоороо коммунист хэвээр сэтгэдэг их үндэсний дээрэнгүй үзэлтнүүдийг цочоосноор барахгүй уур унтууг нь хөдөлгөж хилэн хорслыг нь бадраасан билээ. Гумилев газар зүйн ухаанаар хоёрдох докторынхоо зэргийг гялалзтал хамгаалахад эрдмийн зэрэг цол олгох комиссын нэг хүнд сурталтан “Та түүхч юм уу, газар зүйч юм уу?” гэсэн хөгийн асуулт тавиад хоёрдох докторынх нь зэргийг олгосонгүй. “Угсаатны үүсэл, Дэлхийн шим мандал” гэдэг “насны ном” нь нууцхан хэвлэгдээд бүх холбоотын шинжлэх ухаан, мэдээллийн хүрээлэнд хав дарагдсан ч тэндээс үе үехэн ганц нэгээр алдагдаж үнэ нь хар зах дээр хадахад Гумилев их бахархдаг байсан гэдэг. Гумилев “Владимирская” метроны ойролцоо нийтийн байрны умгархан өрөөнд сууж байжээ. Их эрдэмтэн нэгэн ярилцлагадаа “академич Ринчен Ленинградад намайг гэнэт эргэж ирснийг санахад дандаа сайхан байдаг. Түүний дорнын тансаг хувцас, цог заль төгс царай, намба төгөлдөр алхааг үзэхдээ манай байшингийнхан цөмөөрөө гайхан бахдаж, энэ гайхамшигтай хүнийг харах гэж цонх хаалгаараа шагайж байлаа. Б.Ринченг явсны сүүлээр тэр ч байтугай байрыг минь” сайжруулж өгье гэснийг би хэлэх ёстой. Монголын эрдэмтэн миний ажил амьдралд ингэж л ач тус өгсөн дөө” гэж бахархан дурссан нь бий. Чухамхүү байрыг нь сайжруулах амандаа оросууд хүрсэн юм билээ. Чингэхдээ Ринчен докторын тэгэж очсон нь Чингисийг магтсан гэж Зөвлөлтдөө муучлуулж, тэр ч байтугай Монголд сайн хэлэгдэхгүй байсан түүний дүрэлзсэн сэтгэлийн нь бөхшгүй галд нэмсэн шар тос болжээ гэж түүний өгүүлснээс өлгөн хэлж болох мэт.

Тухайлбаас Москвагийн улсын хүчирхэг болоход монголчууд л тусалсныг өгүүлсэн “Байгаагүй орны эрэлд” номоо 1970 гаргаснаас нь хойш түүний бүтээлийг арван таван жил хэвлэсэнгүй. Гагцхүү 80 хэдэн оны дундаас л эрдэмтнийг ад шоо үзэхээ больсон. Гэхдээ Гумилев амьдралынхаа сүүлчийн жил л академич болсон, чингэхдээ Оросын шинжлэх ухааны академийн биш, байгалийн ухааны академийн академич болсон билээ. ОШУА-д шинэ хүмүүс орсон боловч бас л атгаг үзэлдээ автаад түүнийг үнэлж чадаагүй.

Оросын их эрдэмтний гайхамшигт нээлтээ хийж, сонирхолтой бүтээлээ туурвиж байсан нөхцөл ийм бөлгөө. Гэвч ямар ч хатан зоригтныг нугалж чадах харанхуй тамд ч, хавчлага хяхлагын дунд ч Гумилев монголчуудыг хамгийн харгис хэрцгий, догшин түрэмгий гэж харуулдаг түүхийн хэвшмэл ойлголтыг анх удаагаа орь ганцаар сөхөн эсэргүүцсэнээрээ зөвлөлтийн үндэсний дээрэнгүй үзэлтнүүдийг өөдөөсөө босгосон боловч Монголыг үзэх үзлээ шинжлэх ухааны үндэстэйгээр нотлон баталж, монголын ард түмний өмнө гандан бууршгүй гавьяа байгуулсан юм. Чингис хааныг зэрлэг бүдүүлэг дээрэмч нүүдэлчдийн толгойлогч, улс түмнийг хөнөөн устгасан харгис догшин байлдан дагуулагч гэж харийнхан байдгаараа батлан монголчуудыг доромжилж, монголчууд нь тэдний ам даган донгодоод өөрсдийгөө доромжилж байсан тэр үед Гумилев монголчуудын хувьд “Их өвгийнхөө онгодыг хүндэтгэнэ гэдэг алтан нарыг харж задгай галын илчийг мэдэрч, цэцэгсийн анхилуун үнэрийг үнэрлэж байхтай л агаар нэгэн” гэж бидэнд сануулж байсаан. Орос хүн Монгол улсыг тэгтлээ сонирхож, олон зуун жил орос европынхонд нүд үзүүрлэгдсэн Чингисийн тухай шинжлэх ухааны үнэнийг олох гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг яагаад чин барив аа? Өөрөө энэ асуултад “Би бол эрдэмтэн хүн!” гэж омог бардам хариулсан. Үүнээс өөр бас нэг учир байжээ гэж молхи би мунхагладаг.

Аав Гумилев нь:

Оросын сурвалжит тайж
Гумилев хэмээх овогтон
Орох буцах хорвоогийн мандсан жаргасан наран
Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшигчин
Ээрэм талын хүлгээр эцсийн далайг зорьсон
Миний өвөг дээдэс хөх монголын нүүдэлчин
Мэлмий алдрах говийн цалин цагаан туургатан

гэж шүлэглэжээ. Ээж Анна Ахматова нь: “Эмээ ээж Анна Егоровна Мутавалаг маань дурсаж намайг Анна гэж нэрлэсэн юм. Эмэг ээжийн маань ээж бол Чингисийн алтан ургийн хүн, татарын ханы охин Ахматова байсан юм. Миний өвгө Хан Ахматыг шөнө сацарт нь оросын хөлсний алуурчин алсан. Карамзины өгүүлснээр үүгээр Орост монголын дарлал төгсгөл болсон гэдэг. Энэ өдрийг их баярт үйл явдлын дурсгал гэж үздэг юм билээ” гэж дурсчээ. Хүү Гумилев “… Бидний сэтгэлийн мухарт өнгөрсөн үеэс заавал нэг юм хадгалагдаж үлдсэн байдаг юм” гэжээ. Чингэхлээр “сэтгэлийн мухарт” нь үлдсэн юм буюу цохилох зүрх, лугших судсаар нь булигласан монгол цус түүнийг XIII зууны үеийн монголчуудын тухай үнэнийг өгүүлэх зүгт өөрийн эрхгүй хөтөлсөн биз ээ. Чингэхдээ Гумилев жинхэнэ эрдэмтэн хүн байсан учраас Чингисийг өмөөрөхийн тулд л өмөөрсөнгүй, чухамхүү гурвын гурван ухааны солбицлоос олсон шинжлэх ухааны онолын үндсэн дээр Монголын түүхэн ёстой үнэнийг нотолсон юм. Чингэж их эрдэмтэн Лев Николаевич Гумилев (манай эрдэмтэн Ринченд захидал бичихдээ Лев гэдэг овгоо монголчилж Арслан гэдэг байсан) монгол угсаатан, ер дэлхийн нийт угсаатны хөгжих цагийн жамыг тодруулаад өөрөө цагийг эзлэн хальсан билээ. Өөрөө оргилуун хүний хувьд Гумилев “Бүхнийг сүйтгэдэг цагийн цаглашгүйг ялах хоёрхон юм буй. Нэг нь үхэхээс үл аюух алтан амь буюу” гэж хэлснээрээ л амьдарч, тэнгэр болохоосоо сарын өмнө “зайлуул, бусад хүмүүс өрөөлийн заавраар л бичиж байсан, би бол сэтгэлийнхээ дуудлагаар л бичиж ирсэн, тэгэхлээр би хамгийн азтай хүн” гэж эрдмийн сайн нөхөртөө бардамхан хэлсэнчилэн оргилсон хүслээ юунаас ч шантралгүй гүйцэлдүүлснийг үнэнхүү амьдын жаргалыг эдлэж дээ гэснээр цагийн жамыг тодруулагч цаглашгүй номч Гумилевын тухай товчхон илтгэлээ төгсгөе өө.

Анхааран чагнасанд гялайлаа.

Жич: Аким авхайн Туульс хайлдаг Уулс ном худалдаанд гарсан байгаа. Уул нээрээ ярьдаг юм уу гэж хүүхдүүд их  хөөрхөн асуух юм билээ. Нээрээ л уулс бүрэн түүхийг хураан аав шиг ээж шиг зуун зуунд дүнхийж байдаг даа.
5
Лекц / Gumilyev Tsetselsen shashdir
« Last post by serdaram on 2016.10.18 14:46 »
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нарын үдээс хойшхийн амгаланг айлтгая.

1970-аад он. Москва хотноо олон улсын түүхчдийн их хурал хуралдаж, шувтрагаар нь нижгэр цайллага болжээ. Хуралд оролцсон манай нэрт доктор Сэр-Оджав, Нацагдорж нар алдарт монголч Гумилевтай тэнд уулзан, их эрдэмтэнтэй нүүр тулан учирсандаа олзуурхан баярлаж үг хэлэлцэн байх цаг дур академич Рыбаков гэгч тэдэн рүү хүрч ирсэнд Гумилев гэнэт

-За их Чингисийн төлөө хундагатайгаа тогтоочих уу? гэвэл Рыбаков академичийн царай барсхийж

-Би Чингисийн төлөө уухгүй хэмээн эгдүүцвээс Гумилев дор нь эргүүлж

-Тэгвэл ах дүү Монголын ард түмний төлөө тогтоочихье гэхэд цаадах нь дуртай ч дургүй ч уучихжээ. Чингэхэд нь Гумилев

-Өөрөө юмыг ургуулан сэтгэж урьд ч чаддаггүй байсан, одоо ч чаддаггүй хэвээрээ юм байна. Чингис, Монгол хоёр чинь нэг юм. Өөрөө Чингисийн төлөө уучихлаа шүү дээ гэж давсанд Рыбаков хилэнгийн оч нүднээсээ шидэн хар цагаан дуугүй эргээд явчихсан гэдэг. Энэ бяцхан түүхийг Сэр-Оджав гуай над их л бахархангуй ярьж билээ. Нацагдорж гуай ч “Чингисийн цадиг” номдоо цухас дурдсан нь бий.

70-аад оны тэр үед Чингисийн төлөө хундага өргөнө гэдэг манай хоёрын хувьд санаанд багтамгүйгээр барахгүй сүнс нь зайлмаар байсан ч байж магадгүй. Гэвч Лев Николаевич Гумилевын хувьд гэвэл…1921 онд яруу найрагч эцгийг нь хувьсгалын эсэргүү хуйвалдаанд оролцсон гэж хилсээр буудан хороосон. 40 оны эцсээс яруу найрагч эхийг нь “Звезда”, “Ленинград”, сэтгүүлийн “хэрэг”-ээр өчнөөн жил хэлмэгдүүлсэн. Гумилев өөрөө зөвлөлтийн ГУЛАГ хэмээх тамын ёроолд хоёр ч удаа “бараалхаж”, 14 жил аймшиг гамшиг хоёрыг биеэр амссан. Учир иймийн тул хэл аманд өртөхөөс болгоомжилмоор. Гэвч насаараа үнэнийг эрэлхийлсэн, тэр эрсэн үнэнээ олсон эрдэмтэн уг үнэнийг хэлэхээс даан ч хотойхгүй байжээ.  Тийм ээ Ленинградын их сургуулийн түүхийн ангийн оюутан байсан Гумилевыг

Цустай савхин гутлын улан доор
Тусгай албаны хар тэрэгний дугуйн доор
Зэм буруугүй орос орон амь тэмцэн тийчилж

Зэвхий үхлийн одод дээрээс ширтэж байсан (Анна Ахматова) 1938 онд барьж, Дотоод явдлын Ардын комиссар нарын Онцгой зөвлөлгөөний ялын тогтоолоор 5 жил хорихоор заасан юм. Биеийг хорьж болно бодлыг хорьж үл болъюү Махан бодлыг хашиж болно Мэргэн ухааныг хашиж үл болъюү. Түүх чингэхдээ түрэг монгол ард түмний түүхийг мэргэжил болгон сонгож аваад хориод онд буриад монголын нэрт соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээнээр ном заалгаж байсан, шоронд багштайгаа зэргэлдээ өрөөнд хоригдож байгаад дахин үл учрах гашуун хувь амссан. Гумилевын бодлын шижим шоронгийн хавчиг өрөөний дөрвөн хананд огтхон ч баригдалгүйгээр дөрвөн их далайн гүн дэх элчилгүй уудам дайдад

Одтой тэнгэр
Орчиж бүлгээ
Олон улс булха бүлгээ
Орондоо үл орон

Олзлолдон бүлгээ мянган оны хэрэг явдлын мухар бүрийг нэгжин, эдгээр ард түмний мандаж сэргэсэн хийгээд заримынх нь мөхөж үгүй болсон учир жанцанг эрэн эрэн тэмүүлвэй. “Өөрийг минь яах бол гэж бодохоосоо эрдмийнхээ ажлыг бодож байсаан” гэж хожим нь Гумилев шоронд байснаа дурссан билээ. Угсаатан гэдэг хаанаас бий болдог, яагаад алга болдог байна вэ?

“Финик македон этрус гэж байсан одоо алга. Франц, Англи, Испани гэж байгаагүй. IX зуунд л үүссэн учир нь юундаа байна.XIII зуунд сая хүрэхгүй монгол хоёр сая таван зуун мянган тангад, наян сая хятад, хорин сая хорезм, хорь орчим сая зүүн европынхныг яаж дийлэв?” гэсэн асуултын хариуг бийр бэх нийлүүлсэн бичмэл түүхээс олж ядахдаа бясалган хийсвэрлэх билиг оюуныхаа чадлаар байгалийн ухаанаас асууж гарвай. “Эрвэл олдог” гэсэн монгол цэцэн үг бий билээ. Янз янзын үг саатан хүчирхэг хүчирхэг гүрний үүсгэж чаддаг жигтэй өөрчлөлт хүний идэвхжилд гардагийн шалтгаан юу вэ? “Хань минь булшинд, хүү минь шоронд” гэж Ахматовагийн халаглан гашуудан бичиж байх үес Гумилев түүхнээ ул мөрөө үлдээдэг аливаа үйлийн үндэс нь адбиш зорилгод хүрэх гэсэн хүний оргилсон тэмүүлэл байна гэсэн гаргалгааг эргэцүүлсээр эргэцүүлсээр хийжээ. Чингээд хүний адбиш зорилгод хүрэх энэ эрмэлзлийг “пассионарность”(оргилсон хүсэл гэсэн латин үг) буюу оргилол хэмээн өөрөө нэрийдсэн авай.

1944 онд ялынхаа хугацаа дуусгасан Гумилев сайн дураараа фронтод явж исгэрэх сум, дэлбэрэх бөмбөгийн дундуур Берлин хүрч, буцаж ирэнгүүт их сургуулийн бүх шалгалтыг урьдчилан өгч их сургуулиа дүүргээд 1948 онд “Түрэгийн анхны хаант улсын улс төрийн тодорхой түүх” сэдвээр дэд эрдэмтний зэрэг алга урвуулахын адил хамгаалж харамсалтай нь дэд эрдэмтний дипломоо авч амжаагүй байтлаа “Звезда”, “Ленинград” сэтгүүлийн тухай Ждановын тогтоолын дараагаар гарсан хомроголон баривчлах их давалгаанд “улс төрийн талаар найдваргүй этгээдийн хувиар” дахин өртөв. Энэ удаа Сталины ГУЛАГ-аар бүтэн найман жил дамжин хоригдов.

Чийгт гянданы дөрвөн хананы дотор суугаа Гумилевын үл дуусах бодлын түүдэг дахиад хөрстэй этүгэн хөрвөж, гүр улс булха болж, хөнжилдөө үл хэвтэж, хөнөөлдөн тэмцэж байсан гурван мянган оны буман эхтэй хэрэг явдлын түүх хийгээд амь судлал, газар зүйн түмэн сурвалжтай үзэгдлийн ээдрэн мушгирсэн жимээр хөврөн “оргилол” гэдэг маань юу билээ гэж хайн хайсаар нэгэн өдөр нүдэн чинээ сараалжит цонхоор чулуун шалнаа ёлтойн тусах нарны гэрлийг харахдаа “оргилол” гэдэг чинь эрчим хүч байна шүү дээ” гэж тархинд нь гялсхийсэн авай. Санамсаргүйн диалектик! Санамсаргүйгээс хичнээн том нээлт гарсныг тоочиж барна гэж үү? Тоймтойгоос нь дурдахад их физикч Ньютон цэцэрлэг дотуур явж байгаад толгой дээрээсээ алим унахад газрын татах хүчний хуулийг нээсэн гэдэг. Мендлеев химийн махбодуудыг үелүүлэн байрлуулж байна гэж зүүдлээд түүндээ дулдуйдан химийн үелэх тогтолцоог нээсэн гэдэг. Марксист философт санамсаргүйг шинжлэх ухааны дайсан гэдэг боловч санамсаргүй нь харин ч шинжлэх ухааны нөхөр болдог гэдэг нь дээрх болон бусад олон нээлтээс тодорхой билээ. Гэвч энэ тухай үл хадууран өгүүлэхэд Гумилев яг тэр үед чухамхүү ямар эрчим хүч вэ? гэдгийг хараахан мэдэхгүй байлаа.

Гумилевын хоригдож байхдаа “Хүннү”-гээ өөрийн аргалж олсон хийгээд нөхдийнхөө өгсөн цаасны өөдөс дээр бичиж эхлэв. Их талын алдартай энэ ард түмний тухай тэр гар бичмэлээ Гумилев суллагдталаа хадгалж чадаад 1956 онд Ленинградад авчирч 1960 онд тусгай ном болгон хэвлүүлсэн юм. Гумилев түрэгийн түүхийн хэрэглэгдэхүүнээ маш түргэн нэгтгэн дүгнээд 1961 онд “YI-VIII зууны эртний түрэг” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгааллаа. 1965 онд Гумилев В.И.Вернадскийн “Дэлхийн шим мандлын химийн бүтэц”  номыг дөнгөж гаргаад байхад нь уншиж угсаатны ааг хүчийг оргилуулдаг тэр эрчим хүч юу вэ? гэдэг асуултынхаа хариуг олсон авай. Тэр бол шим мандлын амьд бодосын биохимийн эрчим хүч байлаа. Чингээд Гумилев угсаатан бүрэлдэх оргилолын онолоо боловсруулж эхэлсэн билээ. Энэ нээлтийнхээ тухай манай их эрдэмтэн Ринченд бичиж сэтгэгдлээ хуваалцсан байдгийг дурьдахад юу нь илүүдэх билээ. Харин ч бахархалтай болой. Шуурга шуурах, мөсөн нураг болох, газар хөдлөх нь дэлхийн газар зүйн бүрхүүлийн хэсэг болж байдаг. Энэ бүрхүүлийн бүрэлдэхүүнд чулуун мандал, усан мандал, агаар мандлын зэрэгцээгээр шим мандал ордог бөгөөд түүхэн хугацаанд үүсч алга болж байдаг угсаатнаас бүтсэн хүн мандал уг шим мандлын хэсэг нь болж байдаг. Дэлхий нарны эрчим хүчийг хамгийн их хэрэглэдэг. Энэ эрчим хүчийг ургамал хуримтлуулан авч ургамлыг амьтан идэж, нарны эрчим хүч дэлхий дээр буй бүх амьтны мах цусанд шингэдэг. Үүний зэрэгцээгээр дэлхийн дотоодод болж байгаа задралын эрчим хүч гэж байна. Бас сансарын уудмаас ирж байгаа эрчим хүч гэж бий. Орчлон хорвоогийн энэ эрчим хүч нь шим мандлын хөгжлийг тодорхойлж байдаг бусад хүчин зүйлийн адил бидэнд нөлөөлж байдаг. Энэ гурав цогцдоо шим мандлын амьд бодосын биогеохимийн эрчим хүч болж угсаатан бүрэлдэх үйл явцад нөлөөлдөг. Түүхийн урт хугацаанд шим мандлын бодос биохимийн эрчим хүч, нарны идэвхижлийн өндөр намаас шалтгаалан жигд бус үйлчилж байдгаас онд ондоо үед өөр өөр газар нутагт угсаатны зан байдал ч хувирч байдаг. Угсаатан үүсч байгаа тодорхой шатанд оргилын  түлхцийн үрээр тодорхой хүмүүс тэр эрчим хүчийг ердийнхөөс илт элбэгээр шингээн авсанаар ааг хүч оргилон ирдэг байна. Тийм хүмүүсийг оргилуун хүмүүс гэдэг. Ийм хүмүүс хуучин байдлыг өөрчлөх гэж тэмүүлдэг тэгж өөрчлөх чадвартай байдаг. Тэд илүүдсэн эрчим хүчээ нийгмийн зэрэг дэвийн бүх түвшинд овог нэгтнээ зохион байгуулах, удирдахад зориулж зан байдлын шинэ загварыг боловсруулан үүнээ бусаддаа тулган хүлээлгэсээр угсаатны шинэ тогтолцоог бий болгодог байна.

Гэвч угсаатны оргилолын түвшин нэг янзаар байгаад байдаггүй. Угсаатан үүсээд хөгжлийн хэд хэдэн шатыг туулдаг. Нэгдэх шат нь оргилолын түлхэцээр үүссэн угсаатны өрнөлийн үе болно. Энэ үед угсаатны өөр өөр бүлгээс оргилох эрчим хүчээр нягт барилдсан цогц нэгдэл үүсч нутаг дэвсгэр ойр ард түмнээ өөртөө нэгтгэн тэлнэ. Чингэж угсаатан үүсдэг. Хоёрдах шат нь оргилолын туйлдаа хүрэх шат. Энэ шатанд хүмүүсийн цогц нэгдэл үүсгэх эрмэлзэл нь нэгэнт үгүй болоод байдгаараа л байхыг хүсэх болдог. Энэ учраас дотооддоо өрсөлдөн тэмцэх явдал их гардаг. Үүнээс болж угсаатны хөгжил хэсэг саатдаг. Үүний дараагаар угсаатны оргилох ааг аажмаар багасна. Энэ үед иргэний дайн ч үүсч мэднэ.  Үүнийг хугарлын үе гэж нэрлэж болно. Харин соёлын өрнөл нь оргиллын өрнөлтэй давхацдаггүй харин бууралттай тохирдог. Энэ шат цус урсгаснаар дуусаж  тогтолцоо өөрөөсөө илүүдэл эрчим хүчээ гаргаж шидээд нийгэмд тэнцвэр тогтдог. Угсаатан олж авсан үнэт зүйлсийнхээ ачаар зөнгөөрөө аж төрж эхэлнэ. Оргилол аажмаар барагдаж, тогтолцоонд эрчим хүч багасаад нийгэмд оргилсон хүсэлгүй хүмүүс, субпасионарий зонхилох байрыг эзэлж аваад тогтож ядан байдаг оргилууд хүмүүсийг төдийгүй ажилсаг төгөлдөр хүмүүсийг ч утсгахыг зорьдог. Чингээд баларшин харанхуйших үе эхэлж хаа л бол хэрэглээний сэтгэлгээг гол болгосон үлбэгэр аминч хүмүүс ноёрхно. Оргилсон хүсэлгүй хүмүүс үнэ цэнэтэй бүхнийг идэж уугаад барсны дараа угсаатны хөгжлийн сүүлийн шат эхэлж угсаатан түүхэн уламжлалынхаа тухай дурсамжийг л хадгалж үлдэнэ. Энэ үед хүмүүс аугаа их санаа сэдэхээсээ бэртэгчин байдлаар амар жимэр суухыг л эрхэмлэнэ. Оргилолын ээлжит түлхцээр л хөгжлийн шинэ орчил эхэлж болох боловч энэ нь өвгөрсөн угсаатныг шинэчилж чадахгүй гагцхүү угсаатан үүсэх ээлжит үйл явцыг үүсгэнэ.

Чухамхүү энэ орчлын ачаар л хүмүүн төрөлхтөн газар дэлхий дээр оршсоор буй ажээ. Энэ аваас Гумилевын түүх, амь судлал, газар зүй гэсэн гурван ухааны солбицол дээр хийсэн гарамгай нээлт даруй мөн. Өдгөө үүнийг түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан Орост нь ч өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч эхлэв шүү. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Гумелвын төвд хэдхэн хоногийн өмнө зочлож хэлсэн үгэндээ: “Оросын ирээдүй үндэстний хүсэл зоригоос, Лев Гумилевын хэлсэнчлэн, ард түмний оргилолоос” шалтгаалах болно” гэжээ. Энэ үг олон улсад дуулиан тарив. Гумилев үг онолоо Евроазийн элчилгүй уудам дахь олон угсаатны үүсч, мөхсөн түүхэнд тулгуурлан нээснийг нь молхи би үл үгүйсгэвч, чухамхүү монголчуудын түүх түүнд гол сурвалж нь болж өгсөн гэдгийг дурдан хэлэх нь зүйтэй гэж бодож байна аа. Энэ тухайтад өгүүлсү.

XII зуунд монгол түмний удамшлыг хөндсөн өөрчлөлт гарч байгаль цаг уур ч таатай сайхан хувирснаар тэд шим мандлаас элбэг эрч хүчийг шингээн авах чадалтай болж зан байдал нь өөрчлөгдөж эхэлжээ. Тэгэж ааг хүч оргилсон хүмүүс нь Чингис, түүний хөлөг баатрууд байлаа.

Ганц овгоо л шүтэн бэртэгчин байдлаар амьдарч байсан талын язгууртны дотор багтаж шингэхээ болиод овгоосоо ойж гарсан тэр гань галзуу баатруудыг Гумилев “урт дурын хүмүүс” гэж нэрлэсэн юм. “Урт дурын хүмүүс”-т Чингис ч багтаж байв. “Урт дурын хүмүүс” нийгмийнхээ байдлыг өвлөж авсангүй, харин өөрчлөх оргилсон хүсэлтэй байлаа.

6
"Оросуудыг маажвал татар цухуйна" гэсэн үг бий. Гарал үүслийг нь сайтар мөшгиж үзвэл "оросууд бол монгол цустай" гэсэн дам ёгт утга огт биш билээ. Энэ үгийг анх хэлсэн хүн бол 19 дүгээр зууны францын сурвалжтан, аялагч Aстольпэ -Льюс Леонор Маркиз дэ Кустин (Аstolphe-Louis-Léonor, Marquis de Custine) болно. 1839 оны орчим энэ хүн орос орноор аялахдаа "Grattez le Russe, et vous verrez un Tartare"-"Оросуудыг маажвал татар цухуйна" хэмээх алдартай тодорхойлолтоо хэлсэн түүхтэй. Энэ нь"оросууд монгол цустай" гэсэн үг огт биш харин оросуудыг гадна талаас нь харахад европ төрх, суурин иргэншилтэй мэт боловч огт соёлжоогүй, бүдүүлэг нь татар-нүүдэлчидтэй адил хэмээн жишин дүгнэсэн явдал байлаа. Өдгөө европын орнуудад энэ үгийг "бүдүүлэг оросуудаас болгоомжил" гэсэн утгаар хэрэглэдэг.
7
Дондогдулам монгол төвд бичиг үсэгтэй, нутагтаа “уран” хэмээн алдаршсан эмэгтэй байжээ.
Богд Агваанлувсан түүнтэй 1896 онд Амарбаясгалантад танилцсан гэж үздэг. Богд хэдийгээр Монголын шашны тэргүүн байсан ч Хүрээнээс  гарахдаа Манжийн хаанаас заавал соёрхол авдаг байж. Тийнхүү Бадруулт төр хааны зөвшөөрлөөр өөрийнхөө анхдугаар дүр Өндөр гэгээний байгуулсан Амарбаясгалантын хийдэд залраад буцахдаа Дондогдуламыг  Хүрээнд дагуулан ирсэн  байна. Дондогдуламыг хөвчийн жонон бэйл Цанлигдоржийн хатны аягачаар явж байгаад Богдын нүдэнд өртсөн, эсвэл бэйлийн бага хатан байсан гэж хоёр янзаар бичдэг. Ийнхүү гадаадынханд  Хүрээний хутагт, монголынхоо сүсэгтэн олонд “Амьд бурхан” хэмээн шүтэгдсэн, Зонховын шашны тэргүүн эхнэр авах болсон нь урьд долоон дүрд нь тохиолдож байгаагүй явдал байв. Тиймээс Дондогдуламыг эхэндээ эр хүний дүрээр, хувраг хүний номт хувцас өмсгөн  Хүрээнд оруулан ирсэн гэдэг. Эхэндээ  Богд энэ бүсгүйтэй  зургаан жил нууцгай ханилжээ.

Богд гэгээн хатан буулгах болсны цаад шалтгаан нь түүнийг цаашид шашин төрийг хослуулан барих хаан сэнтийд залахын бэлтгэл байсан ч гэж үздэг хүмүүс бий. Учир нь Богд Дондогдуламтай танилцахын урд жил буюу 1895 онд Оросын нийслэл Санкт Петрбург руу шанзав Бадамдоржийг илгээн Николай хаанд бараалхуулжээ.  Шанзав Бадамдоржийн Николай хаанд бараалхахаар одсоны учир нь Манж гүрэн эзэмшлээсээ Солонгос, Хонконгийг  алдаж, Бадруулт төр хааны төр ганхаж эхэлснийг далимдуулан “Манай Монгол Манжаас тусгаарлахад Орос улс  тусламж дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн бичиг Богдоос өргөн барьжээ. Харин Николай хааны нэгэн түшмэл “Танай Монголыг  тэгээд Манжаас тусгаар болсны дараа хаан ширээнд хэн залрах юм бэ?” хэмээн асуухад нь “Бид Богд Жавзандамбыг хаан ширээнд зална” гэхэд “Тэр чинь хутагт хүн шүү дээ. Хаан юм бол хатан яагаад байдаггүй юм бэ?” гэж амыг нь тагласан гэдэг. Шанзав Бадамдоржийн энэ айлчлалыг  Богдын багш Ёнзон хамба Балданчоймбол бас мэдэж байсан ажээ. Энэ Ёнзон хамба Балданчоймбол бол  гучаад онд хэлмэгдсэн  Ёнзон хамба Лувсанхаймчиг биш,  түрүүчийнх нь дүр долдугаар Богдын багш байсан хүн юм. Ийнхүү  монголын нөлөө бүхий ноёд Манжийн төр суларч эхэлмэгц  яваандаа тусгаар тогтнолоо олж, Богдыг хаан ширээнд залахын бэлтгэл болгож   энэ уулзалтыг зориуд зохион байгуулсан гэсэн таамаглал ч бий. Ер нь төвд цустай Богд  Агваанлувсан удаа дараа Хөвчийн жонон бэйсийн хошуу буюу эзэн Чингис хааны уугуул нутгаас хатан  буулгасан нь санамсаргүй тохиолдол биш юм.


За, ер нь сэдвээсээ  хазайх нь.  Олны дунд “Оройн дээд, амьд бурхан” гэж  шүтээний дээд болсон Зонховын шашны тэргүүнийг эгэл хар хүний адил  эхнэртэй болов  гэж  дуулгах нь зохимжгүй  байснаас Дондогдуламыг  эмэгтэй бурхны хэмжээнд  өргөмжлөх шаардлага гарчээ.
Тиймээс  Богд бүсгүйг Тусыг бүтээгч охин тэнгэр Дондүвлхам бурхны нэрээр өргөмжилж байгаад  таван жилийн дараа Манжийн Бадралт төр хэмээх Зайтянь хаанд хатан авах болсноо мэдүүлэн   соёрхол авсан  гэдэг. Ийнхүү Дондогдулам Хүрээнд ирснээсээ хойш зургаан жил Богдтой нууцаар ханилсны эцэст  1902 онд сая Богдын хатанд өргөмжлөгдөн “Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан Дарь” цол авчээ.  Дондогдуламыг Цагаан дарь эхэд өргөмжилсний дараа Богд хадам эцэгтээ хиа жинс, “Шадар дайчин” цол, хадам эхдээ “Далай ээж”  өргөмжлөл хүртээх зарлиг буулгаж, есөн цагаан бэлэг  барьжээ. Дондогдулам  Цагаан дарьд өргөмжлөгдсөнөөс эхлэн Богдын  Ногоон ордон, Хайстай лавиран хэмээх зуны орднууд  үлэмж  хөгжиж эхэлсэн гэж үздэг.  Түүнээс өмнө Богдын ордон хааны орд харш гэхээс  шашны  илүү сүм дуганын хэмжээнд байжээ. Тэрээр уран хатгамалч, гар урчуудыг цуглуулан Сангай аймгийг байгуулж, өөрөө улааны шашны лүйжин хурдаг  байлаа.  “Эх дагина их сайхан хоолойгоор лүйжин татаж байсан” гэж хожим Лувсандондов гавьж дурссан нь бий.
Богд хатныхаа нэр алдрыг олон түмний дундаа нэмэгдүүлэхийн тулд 1908 онд  Эх дагины аймгийг байгуулан, шавь олноос нь 4700 лан мөнгө татварлан дуган бариулсан юм.  Халхын Сайн ноён хан Намнансүрэн Эх дагины сүм барихад  зуун лангийн алтан ембүү өргөж байв.
Сүсэгтэн олны дунд  түүний нэр нөлөөг  үлэмж болгох гэж Богд Агваанлувсан хөдөөгүүр явахдаа “Монгол охин Дондогдулам болбоос бага наснаас ном үзэж, нэвтэрсэн хувилгааны байдалтай. Цагаан дар болбоос энгийн эгэл бус. Зарим орон нутагт өвчин тахал, ган зуд тохиолдох тусам түүнийг аргалан арилгагч, олонд тусыг илтээр үзүүлсэн” хэмээн магтаж, зуд турхантай газарт зориуд дагуулж очдог байжээ. Богд гэгээн Эх дагинад “Эрдэнэ сэцэн ноён” цол шагнан, тэмдэгт бичиг олгосноор Дондогдулам өөрийнхөө нэр дээр хурдан морь уралдуулж, бөх барилдуудах болсон юм. 1907 оны долоон хошуу даншиг наадмын хязаалан насанд үзүүрт давхисан хул алаг, жороо морины түрүү авсан бор морь “Эрдэнэ сэцэн ноён” нэрээр уралдуулсан эзэн нь Дондогдулам хатан байжээ. Ах дүү Намхай, Лувсанжамбаа аварга Эх дагины бөхчүүд байсан гэдэг.
Богд хатандаа шагнасан цолоо 1905 онд Бээжин дэх Монгол журганаар батламжлуулахдаа зуун мянган лан мөнгө зарцуулж байв.

Ийнхүү  Сангай аймгийг тэргүүлэн, Богдын ордны дэргэд бурхан шүтээн урлаачдыг цуглуулж  ногоон, шар, ордон, Хайстай лавирангийн хэргээр хөөцөлдөж  ихэвчлэн шашны үйл эрхлэхээс хэтрэхгүй байсан   Цагаан дар Дондогдуламыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал төр, шашны үйл явдлын төвд гаргаж ирсэн юм.
Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 он оны 12-р сарын 29-ний баасан гаригт наймдугаар Жавзандамба хутагтыг  Монгол Улсын шашин төрийг хослон баригч хаан ширээнд залахад  Цагаан дар, Эрдэнэ цэцэн Дондогдуламыг  “Улсын эх дагина” хэмээн өргөмжилсөн юм.
Эх дагины эрх мэдэл, эд хөрөнгө нь улам зузаарсаар шавийн дөрвөн ч отогтой болж, 1918 оны мэдээгээр 1073 хуварга айл, харц өрх 352, тэмээ 1330, адуу 2535, үхэр 1603, хонь 28475 хэмээн тэмдэглэснээс үзвэл нийт гучин гурван мянга 943 малтай, Бээжин, Энэтхэгт үл хөдлөх хөрөнгөтэй  байжээ. Эх дагинад улсаас ч цалин пүнлүү олгож байсныг үзвэл Олноо өргөгдсөний гуравдугаар он буюу 1914 онд сангийн яамнаас тушаасан бичигт Богдын зарлигаар “Хотлыг баясгагч Эх дагинад сар бүр мянган лангийн пүнлүү “ олгохоор шийдвэрлэж байв. 1919 оны гэхэд түүний шавь отгууд 61964 лан мөнгө Эх дагинадаа өргөж байсны дээр Хүрээнд байсан Тянь  дэхао пүүсийн томоохон хувь нийлүүлэгч байсан тухай мэдээ байдаг. Богд, Эх дагина хоёр өдөр бүр онцгой сонин содон зүйл худалдан авдаг байсан гэдэг. Богд, Эх дагина хоёрт Хүрээний томоохон пүүсүүд барааныхаа катологийг авчирч өгөхөд, эгшигт хайрцаг, лимузин машин, янз бүрийн тансаг европ хувцас, үнэртэн гоо сайхны хэрэглэл зэрэг зүйлс байнга худалдан авдаг байсан тухай гүн Ларсон тэмдэглэжээ.
Харамсалтай нь 1921 оны хувьсгалын дараа хоорондоо ганцхан жилийн зайтай учир битүүлгээр   бурхны оронд  цуван одсон хаан, хатан хоёрын хувцас, үнэт эрдэнэс, эд өлгийн зүйлсийн ихэнх нь  үрэгдэж алга болсноос  Дондогдуламын алт шүр сувдан чимэгтэй шаргал додиг, үзүүртээ ягаан болор унжуулсан, 5 эгнээ лавай цагаан сувдан унжуурга, тогосны хөөмийн элгэвчит ханжаар, сувдан хээтэй алтан шар хүрэм, барын нүдэн шигтгээтэй  сувдан тоорцог зэрэг  зургаан иж бүрдэл 14 хувцас л өнөөдрийн биднийг хүртэл үлдэж хоцорсныг түүх соёлын хосгүй үнэт зүйлд бүртгэжээ.


Ийнхүү мянга мянган мал сүрэг, шүтээний сүм, шавийн аймаг, шандаст хурдан хүлэг, гадаадад үл хөдлөх хөрөнгө, Хүрээнд байсан худалдааны том пүүсийн хувьцааг эзэмшин, алт эрдэнэд умбаж байсан ч  үнэрлэх үр хүүхэдгүй Эх дагина  үнэн хэрэгтээ хэр аз жаргалтай эмэгтэй байсныг хэн ч мэдэхгүй. Гэтэл төрсөн дүү Дэндэвдулам нь дөрвөн хүүхэд төрүүлсэн  юм.
Оройн дээд Очирдарь Богд эзэнтэй 1896 онд Амарбаясгалантад танилцан Хүрээнд ирж , хатан өргөмжлөгдөөд 21 жил, нууцгай ханилсантайгаа  нийт 27 жил  “амьд бурхан”-тай дэр хуваалцсан Эх дагиныг “хөл хүндэрчээ” гэсэн  цуу  Хүрээнд  хэд хэдэн удаа дэгдэж байсан нь нэн сонирхолтой. Ам дамжсан дам яриагаар бол Богд, Эх дагина хоёр үр хүүхэдтэй болчихвол Далай лам, хутагт хувилгаадын сүнс  шилжин тодордог  шарын шашны  уламжлалт  тогтолцоо мухардмал байдалд орж, мах цусны угсаа залгамжлагчтай болохоос айсан томоохон лам нар Дондогдуламыг үргүй болгох хар дом хийж, Зайсан уулыг тахисан гэдэг аман яриа үлджээ.
Ямар ч гэсэн хүний л ёсоор үрийн мөрөөсөл болсон хаан, хатан хоёр Эрхэмийн аймгийн харц ард үхэр нүдэн Лувсандондог гэдэг хүний дүү хүүхнээс  Ламьяа гэдэг хүү үрчилж авчээ. Хааны өргөмөл хүүд зориулан Хайлаастад хивсэн гэр бариулж, Сономжамц гүн, Ононжамц лам хоёрыг багшаар томилж байсан гэдэг.  Хожим нь эрдэмт  гэгээн лам  болсон Ламьяагийн дараа Богдынх хэд хэдэн хүүхэд өргөж авсны хоёр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы хадам эцэг  Эрэнжав, алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсан нар юм.  Өргөмөл хүүхдүүд нь Богдыг Онио, Эх дагиныг Алиа гэж авгайлдаг байв.
Дондогдулам хатан гар буугаар мэргэн бууддаг, бага залуудаа моринд эрэмгий “уургач” Дунгаа нэртэй явжээ.     Эх дагина чин ван Ханддоржтой их л дотнын харилцаатай байсан тул вангийн хатан Сэвжидмаа  эр нөхрөө түүнтэй битүүхэн хардаж, одоогийн нэгдүгээр сургуулийн урд байдаг өргөөнийхөө сэрүүн тагтан дээрээсээ Богдын ногоон ордныг саравчлан харж  зогсдог байсан гэдэг.
Эх дагины тухай Оросын эрдэмтэн И.Майский, Шведийн гүн Ларсон, Хаант Оросын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец, Польшийн аялагч Ф. Оссендовски, Германы монголч эрдэмтэн Ута Шьёне  нар сонирхолтой олон дурсамж бичиж үлдээсэн ч, энэ  гайхалтай эмэгтэйн шавь нар, ордны  шадар хүмүүсээс хэн ч  ам нээлгүй  байсаар бурханы оронд одоцгоосон нь  түүнийг үзэл суртлын төмөр хөшигний цаана оньсого мэт учир битүүлэг үлдэхэд хүргэжээ.
Дондогдулам хатан Барон Унгернд дургүй байсан, 1922 онд Хүрээнд хэт хувьсгалчид хүүхнүүдийн гэзгийг хоморголон тайрахад эсэргүүцэл үзүүлсэн тухай ам яриа үлджээ.  Мөн Сандо амбаныг Богдод бараалхахад  Эх дагина хамт байсан атал ёсолж хүндэтгэл үзүүлээгүй гэдэг. Богдын хатан өөрт нь ёсолсонгүйд Сандо амбан ихэд дургүйцэхэд Богд хаан “ Энэ хүн миний хатан учраас ёслохгүй байж болно” хэмээн Манжийн эзэн хааны бие төлөөлөгчийг эгнэгт хилэгнүүлсэн нь 1911 оны хувьсгалыг хүртэл тэр хоёрын харилцаа хүйтэн хэвээр үлдэхэд хүргэсэн зэргээс үзэхэд  энэ эмэгтэй эх оронч үзэлтэй  хүн байсан нь илт.

Улсын эх дагина Ц.Дондогдулам 1923 оны нэгдүгээр сарын 02-ноос бие нь чилээрхэж эхлэхэд Богдын оточ, маарамба, цорж лам нар аврал гүрэм айлдан, эм тан хүртээсэн ч илаар болсонгүй ердөө 11 хоногийн дараа тахиа цагт ертөнцөөс халин оджээ. Монгол Улс  Манжийн дарлалд хоёр зуу гаруй жил болсноос хойш анх удаа тодорсон Улсын эх дагина, тантан жалбуугийн ёсны жод лүйжинд нэвтэрсэн, Тус ачлалт, Тунгалаг чандмань, Далай дайчин, Ялгуусан дагинас, Эрх цагаан дара өргөмжлөлт энэ эмэгтэйн шарилыг  шарга морь хөллөсөн сүйхээр авч явж, хайлуулан чандарласан гэдэг. Эх дагины шарилыг хайлуулсан тэр аманд морийг нь сэтэрлэн тавьснаар Шарга морьтын ам гэж нэрийджээ.  Эх дагины жанч халсныг дуулсан Жалханз хутагт “Гурван мянган гавьжийн үнэтэй үхэл” хэмээн гашуудаж байсан гэдэг.
Миний бие  энэ гайхамшигтай эмэгтэйн тухай роман бичихээр зүрхэлж, түүхийн зөвлөх эрдэмтэн Д.Энхцэцэгийн туслалцаатайгаар чадахын хэрээр мэдээ баримт цуглуулж байгаагаасаа цухас  дурдвал ийм байна.
8
Лекц / Дангүний домог
« Last post by serdaram on 2016.07.03 18:18 »
 Эрт цагт бурхадын хаан Хуан Инь хурмаст тэнгэрийг захирч байх үед юм гэнэ. Нэгэн өдөр Хуань Иний хөвгүүн Хуань Үн ингэж хэлж гэнэ. “Ааваа би хүмүүсийн амьдардаг доод ертөнцөд очиж гэнэн хүмүүст ухаарал хайрлаж амьдармаар байна”. “ Хэрвээ чи тэгж шийдсэн бол гэгээн мэргэн ухаанаар хүн ардыг захираарай ” Хуань Үнь салхийг захирагч Пүнбэг , бороог захирагч Үса,  үүлийг захирагч Үнса болон гурван мянган албатаа дагуулан газарт бууж ирж гэнээ. Хуань Үнь Тэбэг уулын орой дээрх амьдралын модны доор газар сонгоод хүмүүст ингэж айлджээ. “Бүх л хүмүүс аз жаргалтай амьдрахыг хүсдэг тул хэн ч байсан над дээр ирж тэнгэрийн мэргэн ухааныг суралцагтун ”. Энэ үед хүн болохыг хүссэн баавгай бар хоёр Хуань Үнь дээр иржээ. “Хуань Үнь,  бид заавал хүн болмоор байна!”. Яавал хүн болохыг зааж өгөөч Хүн болохыг тэгтлээ их хүсч байна уу
“Тиймээ, заавал хүн болмоор байна!” хэмээн баавгай,  бар хоёр үнэн ээсээ гуйв. Хуань Үнь баавгай, бар хоёрт гашуунаас гашуун агь нэг багц , халуунаас халуун сармис хорин булцийг өгөв. “Хав харанхуй агуйд 100 өдрийн турш нарны гэрлийг харалгүйгээр энэ агь сармисыг идэгтүн.Тэгвэл хүн болж чадна.” Баавгай бар хоёр хүн болж чадна гэж баярласандаа яах ч ухаанаа олохгүй байв.Тэгээд даруй агуй руу орцгоожээ.Баавгай бар хоёр агуйд ормогцоо агь сармисаа идэж өгч гэнэ.Яа энэ агь яахаараа ийм гашуун байдаг байнаа. Ёо сармис ямар их халуун юм бэ?Тэгсэн ч баавгай бар хоёр тэвчээд л байв. “Хүн болохын тулд энэ зэргийг тэвчилгүй яахав”. “Тиймээ, тийм ч амархан хүн болохгүй байхаа. Хэд хоногийн дараа бар гомдоллож эхлэв. “Түнэр харанхуй агуйд маш их давчдаж байна. Агь сармис идэхээс хүртэл залхаж байна!” Баавгай барыг тайвшруулан ятгав. “Бар аа эртнээс хүн болохыг хүссэн биз дээ Тиймээс хоёулаа жаахан тэвчье!” Бар ахиад жаахан тэвчихээр шийдэв.Хэдэн өдөр өнгөрөхөд бар цаашид тэвчиж чадахаа больжээ. “Би үүнээс илүү тэвчиж чадахгүй нь Агуйгаас гарлаа!.  “Бар аа ахиад жаахан тэвчье л дээ Хоёулаа хамтдаа хүн болно гэж амласан биз дээ ” Баавгай хорьсон боловч бар агуйгаас үсрэн гарч орхив.Бар агуйгаас яваад өгмөгц баавгай  ганцаараа агуйд хэцүү байв. “Би заавал хүн болно” Хэдийгээр агь гашуун , сармис халуун ч заавал тэвчээд хүн болно.Баавгай түнэр харанхуй агуйд биеэ хураан суунгаа гашуунаас гашуун агь халуун сармис идэн тэсчээ. Хорь дахь өдөр болоход баавгай ядраад унтаад өгчээ. Хорин нэг дэх  өдөр нойрноосоо сэрсэн баавгай маш ихээр гайхав.Биен дээрх үс нь алга болж  үзэсгэлэнт бүсгүй болсон байв. “Хөөх үнэхээр би хүн болчихлоо!” дэндүү баярласандаа баавгай ихэр татаж гэнэ.Баавгай түнэр харанхуй агуйгаас гарч ирлээ.Хорвоо дэлхий үнэхээр гэрэл гэгээтэй сайхан байв. Хүмүүс хүн болсон баавгайг Үннё гэж нэрлэв.Үннё гэдэг нь баавгай бүсгүй гэсэн үг аж.Үннё хурим хийн хүүхэд төрүүлэхийг хүссэн боловч баавгай байж байгаад эмэгтэй болсон хэмээн хэн ч тоохгүй байв.Үннё амьдралын модны доор очин дахин залбирав. “ Хуань Үнь гуай би гэрлэж хүүхэд төрүүлмээр байна.Дахин нэг удаа миний хүсэлтийг биелүүлж өгөөч” Үннё залбираад хэдэн арав хоног өнгөрч байтал нэг өдөр Хуань Үнь өөрөө Үннё дээр хүрч ирж гэнэ. “Үннё би чиний нөхөр болвол ямар вэ? Үннё тэнгэрийн орны ханхүү Хуань Үньтэй хуримлах болсондоо туйлын их баярлав. Хуань Үнь , Үннё хоёр Тэбэк уулын амьдралын модны доор хуримын ёслолоо хийв. Хэсэг хугацааны дараа Үннё хүү төрүүлэв.Тэр хоёр хүүгээ Дангүнь хаан хэмээн нэрлэв. Дангүнь хүү хан тэнгэр газар эхийн хүчээр торнисон тул билэг ухаан хүч чадал дүүрэн хүмүүн болж гэнэ.Дангүнь хаан хожим нь Пхеньян мужид төвлөрөн суурьшин Жусонь хэмээх улсыг байгуулав. Жусонь бол Солонгос үндэстний хамгийн анхны улс билээ.
 
Дангүний домог
 
Хүн бүхэнд төрсөн өдөр байдаг шиг улс гүрэнд үүссэн байгуулагдсан өдөр байдаг.Манай улс үндэстний өдөр 10сарын 3юм.Улс үндэстний өдрөөр Дангүнь хаан хамгийн анхны Жусонь улсыг байгуулсан бөгөөд энэ өдрийг Гэчоны өдөр хэмээн нэрлэдэг.Гэхдээ Гэчон гэдэг нь Дангүнь хаан Жусонь улс байгуулахаас өмнө Хуань Үнь тэнгэрийн орноос Тэбэг уулын амьдралын модны дэргэд бууж ирсэн өдрийг хэлсэн утгатай гэнэ.Улс үндэстний өдөр нь төр улс үүсэн байгуулагдсан ойг тэмдэглэхээс гадна хурмаст тэнгэртээ талархаж буй манай үндэстний баярын өдөр юм.
Хан үндэстний өвөг дээдэс болох Дангүнь хаан гэж чухам хэн бэ Хуань Үнь, Үннё хоёрын дундаас мэндэлсэн хүү билээ. Хуань Үнь тэнгэрийн хаан болох Хуан Ины хөвгүүн юм.Тэрээр гурван мянган албат салхи бороо үүлийг захирагч бурхадаа дагуулан газарт морилон ирж олон эрдэм ухааныг заан сургасан гэдэг.Үннё гэдэг нь 21 хоногийн турш нарны гэрэл үзэлгүйгээр агь сармис идэн бүсгүй хүн төрлийг олсон баавгай юм.Дангүнь хүү Хан тэнгэр ,эх газрын хүчээр мэндэлсэн хүн юмсанж.Дангүнь хаан Пхёньянд Жүсонь улсыг байгуулсан юм.Жүсонь нь Солонгос үндэстний хамгийн анх байгуулсан улс аж.Дангүнь хаан ард түмэндээ ээлтэй сайн хууль зохиож , улс орноо ухаалгаар удирдан жолоодсон билээ.
Pages: [1] 2 3 ... 10