Author Topic: 20-р зууны Монголын цуутай зодоонууд  (Read 1276 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын “20-Р ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ГАРСАН ЦУУТАЙ ЗОДООНУУД” номноос

– НЭГДҮГЭЭР БҮЛЭГ-

Өнгөрсөн зуун жилийн түүхэнд Монголд хэд хэдэн том зодоон болж байсныг нэхэн сурвалжилсан юм. Жишээ нь 1904 оны Да хүрээний зодоон, 1907 оны лам нарын зодоон, 1910, 1961, 1966 оны хятад, монголчуудын зодоон, 1965 оны Есөн гудамжны зодоон, 1976 оны Хандгайтын зодоон, 1986 оны Хүнсний хорийн зодоон, 1995 оны Гүнтийн буудалцаан, 21-р зууны босгон дээрхи Центрпойнтын зодоон гэх мэт. 20-р зууны эхэн үеийн том том зодоонууд хүмүүсийн тархи толгойноос аль хэдийн арчигдсан ч түүх бичлэг, ном зохиолд дурдагдахын сацуу ахмад настануудын дунд домог яриа мэт тэнүүчилж явдаг юм байна. Харин жараад оноос хойш өрнөсөн том том зодоонуудын амьд гэрч нар, тэдгээр зодоонуудад гар бие оролцож явсан хүмүүс эдүгээ амьд сэрүүн байгаа болохоор нэхэн сурвалжлахад нэн таатай байлаа. Ингээд 20-р зууны том том зодоонуудын он дарааллын хуудсыг сөхсү.

1904 оны Да хүрээний зодоон

19-р зууны үед Да хүрээнд хятад, монголчуудын дунд хэд хэдэн нүсэр зодоон болсон байх бөгөөд үүний уг үндэс нь Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны шилийн сайн эр Төгөөгөөс эхтэй ажээ. Жанжин Д.Сүхбаатарын өвөг эцэг Төгөө нь урваач шарваач монгол ноёд болон хятадуудад хорлогдсон төрсөн эцэг “Эрхий мэргэн” Элбэгийнхээ өш хонзонг авахаар Сэцэн ханы Ёст бэйсийн хошууны хятад пүүсүүдийг тонон дээрэмдэж нэг хэсэгтээ л бужигнуулж байсан түүхтэй.

Эцэст нь түүний журмын нөхдийг манж, хятадууд Ёст бэйсийн Цорготын голын баруун талд байрлах хошуу тамгын газрын “Бат гүн” шоронд хорьж эрүүдэн тамлаж байгаад модоор доторлосон нүхэн шоронд хийж дээрээс нь таглаж цоожлон бүгдийг нь бүтээгээд алчихжээ.

Муу юм модон улаатай гэгчээр энэхүү хэрцгий аллагаас үүдэж Ёст бэйсийн хошуунд “Модон гэрт үхсэн арван есөн хулгайн хэрэг” гэх дуулиант хэрэг дэгдсэнээр Да хүрээнд манж, хятадуудыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн үе үе цухалзах болж, улмаар Хятадын мөнгө хүүлэгчид, халх иргэдийн хооронд байсхийгээд л цус асгаруулсан зодоон цохион өрнөдөг болжээ. 20-р зуун гармагц иймэрхүү зодоон улам гаарсан байна.

Тухайн үеийн лам нар хятадуудтай цусаа гартал зодолддог байж. Манжийн талхинд цусаа, Хятадын мөлжлөгөнд хөлсөө асгаруулж байсан 20-р зууны эхэн үед нэг талаас шарын шашин, нөгөө талаас дотоодын дайн самуун хийгээд харийн дарлал монголчуудын цог хийморийг бүрэн самууруулж, үндэстнийхээ хувьд мөхөж байсан түүхтэй. Гэвч тухайн үеийн монгол эрчүүд хүлцэнгүй суугаад байсангүй, боломжит бүхий л аргаар тэмцэж байв.

Тэмцлийн хамгийн гол арга нь суурин газарт бол олныг хамарсан зодоон өдөөх явдал байлаа. Эрчүүдийн дийлэнх нь лам байсан тухайн үед хэдийгээр винайн ёсыг сахисан ч гэсэн эр хүнийх нь хувьд монголчууд лам нараасаа аврал хайдаг байж. Тийм учраас лам нарын дунд нударган зодоон хөгжиж эхэлсэн байдаг.

1904 оноос лам нар болон хятад худалдаачид, тэднийг өмгөөлөгч Манжийн цэргийн хооронд хэд хэдэн удаа ширүүн зодоон болж, үүнд энгийн ардууд хүртэл татагдан орж байжээ. Жишээ нь 1904 онд Агваан нарын хэсэг лам, ард Төмөр, Жамбаа, Балдир, Дамба нарын хүмүүс Хятадын Чжи Сань Юан пүүсийн худалдаачидтай хэрэлдэж, улмаар тэднийг зодож, дэлгүүрийг нь талж орхижээ. Хятадууд тэднийг баривчлахад хэдэн зуун лам, ард өмөөрөн ирж суллаад зогсохгүй Чжи Сань Юан пүүсийн бүх худалдаачныг бялба нүдээд дэлгүүрийг нь үнсэн товрог болгожээ.

Амбаны газраас баахан тушаал зарлиг болсон авч хэн ч тэднийг барьж өгсөнгүй. Мөн 1907 оны 11-р сарын 13-нд Гандан хийдийн лам Дамдинжав, Самбуу хоёр ачаатай тэрэгтэй явж байгаад нарийхан зам дээр тэрэгчин хятадтай таарч, хэн нь хэндээ зам тавихдаа тулж маргалдсан байна. Тэрэгчин хятад болохоор “Бид та нарын идэш хоолыг бэлддэг. Танай монголчууд бидэнд зам тавьж өгөх ёстой” гэж омогджээ. Хариуд нь лам Дамдинжав “Өмхий хятад чи манай газар нутаг дээр яваа болохоор бидэнд зам тавьж өгөх ёстой” гээд заамдаад авсан байна.

Ингээд хоорондоо зодолджээ. Энэхүү зодооны дуулианаар баахан лам хүрч ирээд тэрэгчин хятадыг Гандан өөд чирж аваачсан байна. Тэгтэл удалгүй манж цэргүүд хүрч ирээд Дамдинжав, Самбуу хоёрыг зодоон үүсгэсэн гэж баривчилжээ. Үүнд лам нар дургүйцээд Дамдинжав, Самбуу хоёрыг тэдний гараас хүчээр суллаж аваад, улмаар манж цэргүүдийг зоджээ. Үүний улмаас Манж амбаны газраас Дамдинжав, Самбуу нарыг баривчлах тушаал зарлиг гаргасан боловч Шавийн яам биелүүлсэнгүй. Тиймээс Манж амбан Гандан хийдийн цогчин дацан, аймгийн гэсгүй нарыг олон лан мөнгөөр торгож шийтгэсэнээр дээрхи зодооны хэрэг шувтарсан байна. Дээрхи зодоонууд 1911 оны үндэсний эрх чөлөөний тэмцлийн угтал болж байсан бөгөөд Манж амбаны тушаал зааврыг Монголын тал зориуд биелүүлэхгүй цааргалж байсан нь манж, хятадуудад өширхөх үзэл дээд цэгтээ тулж байсныг илтгэнэ.

1907 оны лам нарын зодоон

1907 онд Да хүрээнд нэгэн том зодоон болжээ. Энэхүү зодооныг тухайн үед хятадуудад ихэд дургүй болж байсан лам нар өдөөсөн байна. Учир нь лам нар шашныхаа бие хамгаалах урлагийн дагуу гардан зодоонд сүрхий мэргэшиж, сав л хийвэл гарынхаа чилээг гаргачих гээд байдаг болсон бөгөөд тэрхүү чилээг нь ямаан омогтой хятадууд хүссэн хүсээгүй өдөөгөөд өгдөг байж л дээ. Зодоон болдог өдөр Гандангийн зүүн талд байсан хятад пүүсэнд хоёр гурван лам орж наймаа хийж байгаад хэрэлдсэнээр цаашлаад олон арван лам, хятад оролцсон нүсэр зодоон болж хувирсан байна.

Уг зодооны улмаас Хятадын пүүсэнд чамгүй хохирол учирчээ. Тиймээс зодоон болсоны дараа Хятадын пүүсэнд учирсан бүхий л гарз хохиролыг хүрээний лам нараар төлүүлэхээр Манжийн амбан зарга шийтгэсэн гэдэг. Гэвч энэхүү шударга бус шийдвэрт дургүйцсэн лам нар тухайн үед аливаа хэрэг заргыг шийдэхдээ гаргууд гэгдэж байсан Товуу мэргэн гэгчид хандсан байна.

Товуу мэргэн дээрхи зодоонд оролцсон бүх лам, хятад худалдаачдыг цуглуулаад “Лам нар пүүсийн юмыг эвдэлсэн байна. Юм шударга нь сайхан. Та нар Хятадын пүүсний бүх хохиролыг төлөх ёстой. Эрхэм данжаад нар ч сүйтгүүлсэн юмаа авах нь зүйн хэрэг. Харин цаашид Гандан, хүрээ хоёрын хооронд байрласан Хятадын том том пүүсүүдийг анх Халхаас зөвшөөрсөн Маймаа хот руу нүүлгэх нь зүйтэй юм байна. Та бүхэн өнөөдрөөс эхлээд Маймаа хот руу нүүцгээ” хэмээжээ.

Хятад пүүсүүдийг нүүлгэх нь лам нарын сүйтгэсэн юмнаас хэд дахин их зардал гарах, мөн худалдааны хамгийн ашигтай газраа алдах болсоноо дотор ухаантай хятадууд төвөггүй ойлгож “Бид юмаа төлүүлэхээ ч байя. Маймаа хот руу нүүхээ ч болъё” гэж гуйж гувшсанаар лам нар болон хятадуудын дээрхи зодооны зарга шувтарч байсан гэдэг. Маймаа хот гэдэг нь одоогийн Амгалан буюу эрт цагийн Амгаланбаатар хот билээ. Түүнчлэн 1910 оны 2-р сарын 7-нд Их хүрээний зах дээр лам нар Хятадын Да Юй Юан пүүсийн худалдаачидтай хэрэлдэж зодолдоод, хоршоо дэлгүүрийг нь бусниулж орхижээ.

Энэхүү үймээнийг зогсоохоор ирсэн Манжийн цэргүүд замдаа тааралдсан хэдэн ламыг баривчилсанд хэдэн зуун лам “Цус, сэвсээ үзэлцэнэ” гээд хашгиран дайраад тэднийг чөлөөлж байсан байна. Тэр ч байтугай үймээний газар ирсэн Сандо амбан, хүрээний цагдаагийн дарга Амар нарыг чулуугаар шидэж, улмаар Амарыг барьж аваад дээш нь сэвж унагажээ. Энэхүү хэрэгт манж нар мөн л зарга үүсгэсэн бөгөөд муу нэрт “Шанзав” Бадамдоржийг хэрэг өдүүлсэн лам нарыг барьж олсонгүй хэмээн буруушааж албан тушаалаас нь огцруулж байсан гэдэг.

Хэзээнээсээ хятадуудтай хэтэвч нэгтэй байсаар ирсэн манж нар дээрхи зодооны улмаас сүйдсэн Хятадын Да Юй Юан пүүсийн талд үйлчилж, уг пүүсийн сүйрэлд 2000 шахам лан мөнгийг аймаг, шавиас тулган төлүүлж байсан гэдэг. Ямартай ч хориод оны лам нар ард олноос өргөл барьцаа ч авдаг, улс үндсээ ч боддог байсан бололтой.

1910 оны хятад, монголчуудын зодоон

15-р жарны цагаан нохой жил буюу 1910 оны өвлийн дунд сарын хорьдоор Дашчоймбол хийдэд “Домын дамжаа” гээч нь болох үед Да хүрээн дахь Хятадын өргөн чөлөөний хойшоо харсан том хүрэн дэлгүүрийн үүд хавьцаа лам нар болон хятадуудын хооронд нэлээд сүрлэг зодоон болсон гэдэг.

Унтрах дөхсөн зул улам хүчтэй бадардаг гэдэг шиг унах дөхсөн Манж амбан тухайн үед өмнөхөөсөө илүү чангарсан гэх бөгөөд үүний улмаас Да хүрээний хятад худалдаачид хүртэл ихээхэн омогтой болж ирсэн байна. Ямар сайндаа л тэд өөрсдийгөө хүрээний зодоонч лам нар болон омголон танхай морьтой иргэд, чулуун байлдаан хийдэг банди нарын бүлэглэлээс хамгаалахын тулд Бээжингээс тусгай хүмүүс урин залж өөрийн гэсэн цагдаагийн газартай, хамгаалалтын албатай болж байсан гэдэг. Тухайн үед хятад хамгаалагч нарыг “Шаазай” гэж нэрлэдэг байж.

“Шаазай” нар болон цагдаагийн газар нь Хятад хорооллын гуравдугаар гудамжинд байсан бөгөөд Манж амбан 1909 оны намраас эхлээд энэхүү гудамжинд нүд хурц, хөл түргэн хорин ламыг байнга суулгаж байхаар тушаал буулгажээ. Хэрвээ ямар нэгэн хэрэг төвөг гарвал эдгээр лам аль аймгийн, аль гудамжны ямар хүн хэрэг тарьсаныг тэмдэглэж аваад Манж амбанд мэдэгдэж байх үүрэгтэй байж. Учир нь тухайн үед хүрээний зодоонч лам нар болон дэггүй банди нар хятадуудтай байнга зодоон өрнүүлдэг, тэгээд яг баригдах үедээ чулуу нүүлгээд зугтчихдаг байж л дээ.

Тиймээс чулуу нүүлгээд зугтсан хүмүүсийг барьж авах, хэн болохыг нь мэдэж авахын тулд хятадууд нүд хурц, хөл түргэн хорин ламыг ийнхүү дайчилсан хэрэг. Гэвч иймэрхүү арга хэмжээ авсанаас хойш Да хүрээний хятад, монголчуудын эв түнжин улам муудаж, худалдаа наймаа хийхдээ хүртэл учраа ололцохгүй хэрэлдэж маргалдах нь их болжээ.

Энэхүү байдал нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэхэд зохих ёсоор нөлөөлсөн гэдэг. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн тэмдэглэн хэвлүүлсэн “Өвгөн Жамбалын яриа” хэмээх бэсрэг номонд энэ тухай тодорхой өгүүлсэн байдаг.

Энэхүү ном эдүгээ цагт ховордоод нүдний гэм болжээ. Богдын дэргэдийн “Донир” байсан Борын Жамбал өөрөө ч их сонин намтартай хүн байсан бөгөөд түүний авааль эхнэр нь Ардын хувьсгалын дараа маршал Х.Чойбалсангийн зуурьдын амраг болж явсан Бортолгой юмсанж.

Борын Жамбал нь 1960-аад оны үед ная орчим настайдаа их зохиолч Ц.Дамдинсүрэн гуайд 1900-гаад оны Да хүрээний сонин хачин явдлын тухай олон янзын хууч домог хүүрнэсэн байх бөгөөд энд 1910 оны өвөл өрнөсөн нэгэн зодооны тухай хүүрнэлийг нь бичгийн хэлбэрт оруулан сийрүүлэв. “…Эрт цагт Богд хаанд мөргөхөөр ирсэн хүмүүст “Дэлгэр мөргөл” гээчийг хийж долоо хоногт нэг удаа мөргөл тавьдаг байсан юм.

Сүүлдээ Богд “Хаяа хаях” гээчийг явуулдаг болсон. Тэр үед Богд одоогийн гол музей байгаа дунд сүмийнхээ цонхоор идэш ууш, торго дурдан, хадаг яндар зэрэг элдэв зүйлсийг хаядаг байсан юм. Үүнийг “Хаяа хаях” гэж нэрлэдэг байлаа. Түүнийг нэг удаа “Хаяа хаях” үед “Ямаан” Чимид гэгчийн хүү хамаг юмыг нь аваад явсан ба үүнээс хойш тэр Богдыг “Хаяа хаях”-ыг отож байгаад бүх зүйлийг нь хамдаг болсон. Ингэж байгаад “Ямаан” Чимидийн хүү сүүлдээ Богдын таалалд нийцэж дэргэд нь суудаг болов.

Нэг өдөр “Ямаан” Чимидийн хүү гэрийн зуухны тавиур хийлгэхээр Да хүрээний баруун дамнуургачины хятад пүүс рүү явсан байна. Тэгээд эндхийн нэг хятад мужаанд зуухны тавиур захиалаад маргааш өдөр нь ирж авахаар болжээ.

Маргааш нь тэр хятад пүүс рүү очиж тавиураа авах үедээ “Муу хийсэн байна” гэж хэлтэл хятад мужаан ихэд уурлаж “Ямаан” Чимидийн хүүг олсоор оосорлоод байшингийн нуруу модноос дүүжилж орхисон байгаа юм. Энэ үед Чимидийн хүү “Амь авраарай” гэж чангаар орилж хашгирсанд Гандангийн хуралд явж байсан лам нар сонсоод хятад пүүс рүү дайран оржээ.

Тэд Чимидийн хүүг суллаж тавь гэсэн шаардлага тавьтал хятадууд дургүйцэж лам нартай зодолдсон байна. Лам нар Чимидийн хүүг арай ядан тавиулаад хятадуудаас зугтсаар Гандан руу орж ирэхэд Манж амбан дөрвөн хүнээр дамнуулсан ногоон жуузтай, пүүсний баахан хятадын хамт өөдөөс нь угтсан байна. Ингээд Гандангийн хурлын үүдэнд цугларсан олон лам амбан руу чулуу нүүлгэж, улмаар жууз тэрэгнийх нь “дог”-ийг хуга чулуудсанаар амбан жуузнаасаа бууж Эрхэмийн аймгийн гудамжаар хятадуудын хамт зугтжээ. Чулуун байлдаан нь тэр үед тэмцлийн нэг хэлбэр болж байлаа.

Да хүрээнд чулуу нүүлгэхдээ сайтар мэргэжсэн олон банди байсан. Манж амбантай цуг зугтаж явсан хятадууд Эрхэмийн аймгийн гудамжинд нохой хооллож байсан жирийн нэг ламыг барьж аваад явсан байлаа. Цааш яваад Хятадын өргөн чөлөөнд байх “Ханан бүхээгт” гэдэг худалдааны пүүсний дэргэд Дэнзэн гэдэг лам согтуу, зузаан цай аваад гуйвж явсныг бас бариад авчээ. Түүнээс цааш явж байтал Тойслэнгийн аймгийн “Ловш” Лувсанцэрэн гэдэг лам согтуу явж байсныг барьж аваад явсан байв.

Энэ үед Гандан дээр үймээн гаргасан лам нарыг барихаар ирсэн арван тавны цагдаа Амар залан гээчийг барьж зодох гэсэнд мань цагдаа ухаан алдан зайлж цогчин гэсгүй Довдон гэдэг хүний суган доор шургаж арай ядан амь гарч байлаа.

Сүртэй зодоон цохионы хэрэг гарсан сургаар “Шанзав” Бадамдорж морьтой, баахан зайсан дагуулж ирээд цугларсан лам нарыг арай ядан тарааж байлаа” Манж амбан, “Шанзав” Бадамдорж нарын шаардлагаар Чимидийн хүүг барьж цаазалсан гэж зарим хүн ярьдаг байсан. “Ямаан” Чимидийн хүүг үхсэнээс хойш Богд хаан ар гэрийнхэнд нь буян үйлдүүлэхээр хэдэн ембүү хүргүүлж байсныг санаж байна” гэх мэтээр их зохиолч Ц.Дамдинсүрэн агсанд дурсаж байжээ.

Offline ulambayr

  • Гацуурхан
  • *
  • Posts: 1
xexe goe tvvh bna bagshaaa